ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ДЭЗЧУБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА ЖОО ОК ЛИ-ТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Жоо Ок Ли-г 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын талаар мэдээлэл хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2018 оны 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтын зохион байгуулалт, тус чуулга уулзалтад Монголын талаас оролцох төлөөлөгчдийн бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Мөн тус өдөр ДЭЗЧУБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хэлтсийн дарга Жоо Ок Ли-г Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, цаашдын хандлагын талаар мэдээлэл хийж, ДЭЗЧУ дахь Монгол Улсын оролцоо, хамтын ажиллагааны цаашдын боломжууд, ДЭЗЧУ-д оролцох Монгол талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болон 2018 оны 6 дугаар сард БНХАУ-д болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох асуудлаар санал солилцсон болно.