Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцов

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаан Сочи хотноо 2017 оны 11 дүгээр сарын 31-нээс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Зөвлөгөөнд ШХАБ-ын гишүүн орнуудаас – БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян, Казахстаны Ерөнхий сайд Б.А.Сагинтаев, Киргизийн Ерөнхий сайд Сапар Джумакадырович Исаков, ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.А.Медведев, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Нигматович Арипов, Пакистаны Ерөнхий сайд Шахид Хакан Аббаси, Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода, Энэтхэгийн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сварадж, ажиглагч орнуудаас – Афганистаны Гүйцэтгэх засгийн тэргүүн Абдулла Абдулла, Беларусь Улсын Ерөнхий сайд А.В.Кобяков, Ираны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Эсхаг Джахангири нар оролцов.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралдаанд оролцсон бөгөөд түүнийг ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын төлөөлөгчид дагалдав.
ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаанаар ШХАБ-ын гишүүн орнуудын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төлөв, авах арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явц, 2017-2021 онд ШХАБ-ын хүрээнд төслийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх арга хэмжээ, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүжилтийн механизм, Бизнесийн зөвлөл болон Банкнуудын холбооны 2016-2017 оны үйл ажиллагаа, ШХАБ-ын 2018 оны төсөв, ШХАБ-ын байнгын ажиллагаатай байгууллагуудын санхүү, зохион байгуулалтын үйл ажиллагааны тайлан зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин өргөтгөсөн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, төслийн олон талт хамтын ажиллагаа ялангуяа, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, эдгээр болон бусад сонирхсон чиглэлээр манай улс ажиглагч орны хувьд идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.
Хуралдааны төгсгөлд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нар ШХАБ-ын төсвийг бүрдүүлэх болон хэрэгжүүлэх гэрээ, холбогдох бусад шийдвэрийн баримт бичигт гарын үсэг зурж хамтарсан мэдэгдэл гаргав.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын Зөвлөлийн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд А.В. Кобяковтой уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай талын саналыг дэмжин Евразийн эдийн засгийн комисст өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг хүсэв.