МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД “ИРАН ДАХЬ ИЛ ХААДЫН ӨВ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын ГХЯ, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Занжан Их сургуулийн Ил Хаад судлалын төв хамтран ажиллаж уг үзэсгэлэнг дэлгэжээ.

Үзэсгэлэнг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ “Дотоод Азийн зүүн болон баруун хязгаарт бие биенээсээ олон мянган бээрийн алсад оршигч Монгол, Иран улс түүхийн эрт үеэс холбоо харилцаатай байсан.

Нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололт амжилтаа харилцан солилцож, XIII-XIV зууны үед соёл, урлаг, уран барилга, шашин, шинжлэх ухааны талаар тухайн цаг үедээ үлэмж амжилтад хүрсэн Ил хаадын улсыг үүсгэн байгуулж, ертөнц дахины хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн баялаг түүхтэй билээ.

Энэхүү уламжлалт харилцааг 1973 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоон сэргээж, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилсны үр дүнд хоёр улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах боломж нээгдсэн юм” гэв.

Тус үзэсгэлэнд Ил хаадын өвтэй холбоотой Монголын түүхч судлаачдын зарим бүтээл, Монгол, Ираны түүхийн судалгааны хамтарсан төслийн явц, үр дүнгийн талаарх гэрэл зургуудыг дэлгэсэн байна.

“Иран дахь Ил хаадын өв” үзэсгэлэнгийн тухай танилцуулахад Монголын эзэнт гүрний түүх, соёлын өв дэлхийн олон оронд тархсан байдаг. Эзэнт гүрний баруун хэсгийг бүрдүүлж байсан Ил хант улсын соёлын өв өнөөгийн Иран, Турк зэрэг улс оронд хадгалагдан үлджээ. Эдгээр өвийн дотор Ил хаадын бүтээн байгуулсан барилга архитектурын дурсгал чухал байр суурь эзэлдэг. Ил хаад Ираны барилга архитектурыг хөгжүүлж, өвөрмөц дүр төрхийг бий болгосон билээ. Тухайлбал, Тахт-и-Сулейман дахь тансаг сайхан хийцтэй зуны ордон бол Ил хаадлын барилга архитектурын чухал дурсгал юм. Харин Султание дахь Өлзийт ханы сүрлэг бунхан нь Ил хант улсын архитектурын сор бүтээл аж.

Хүлэгү ханы Марагад байгуулсан одон орны цамхаг нь шинжлэх ухааны байгууллага төдийгүй барилга архитектурын өвөрмөц дурсгал юм.