ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ ХЭРЭГЛЭЭНД ГАРЛАА

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үг бүхий үгийн сантай “Монгол хэлний их тайлбар толь” болон Монгол нутагт хүн үүссэн цагаас эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн хугацаан дахь монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдлыг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын суурь судалгаанд үндэслэн олон хэлний эх сурвалж, хэрэглэгдэхүүн, архивын баримт материал ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нийт 999 толгой үг болгон бүтээсэн “Монголын түүхийн тайлбар толь”-ийг тус тус өнгөрсөн онд бүтээсэн юм.

Эдгээр толийг www.mongoltoli.mn цахим хаягаар энэ оноос эхлэн олон нийт нээлттэй хэрэглэх боломжтой болсон төдийгүй өөрийн хайсан үгтэйгээ холбоотой тольд ороогүй нэмэлт утга, нутгийн аялгууны үг, нэр томьёо, бичлэг, зургийг цахим толийн санд Монгол Улсын иргэд болоод монгол судлаач гадаадын иргэд оруулах боломжтой болсноороо энэхүү тайлбар толийн үгийн сан өдрөөс өдөрт өргөжин тэлэх бололцоотой болсон.