“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Зөвлөлийн хурлаар “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Түүнчлэн, монголын түүх, соёл, аялал жуулчлал, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлах, соёл урлаг, спортын чиглэлээрх олон улсын томоохон уралдаан, наадамд Монгол Улсын оролцоог сайжруулах, хилийн чанадад зохион байгуулах соёлын арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцож, цаашдын үйл ажиллагаагаа тодорхой болголоо. Зөвлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахалж, бүрэлдэхүүнд ЗГХЭГ, БСШУСЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЗТЯ, СЯ, НЗДТГ, Үндэсний хөгжлийн газар болон Соёл, урлагийн газрын төлөөлөл багтдаг. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” 2016-2020 онд хэрэгжих бөгөөд Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр юм.