УЛС ТҮМНИЙ НАЙРАМДЛЫН ИХ СУРГУУЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Оросын цорын ганц “Найрамдал” гэх тодотголтой их сургууль болох Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний найрамдлын их сургууль /РУДН/-ийн үүсэн байгуулагдсаны 58 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг угтаж сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны онол практикийн хурлууд, урлаг, спортын болон төгсөгчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсанаас гадна 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр сургуулийн хурлын их танхимд баярын хурал, хүндэтгэлийн концерт болж, “Только один год-2017” нэртэй баримтат киног олны хүртээл болгов.

Тус сургуулийн захирал В.М.Филиппов баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ тус сургуулийн олон талт чиглэл нь дэлхийн элитүүдийг бэлтгэх боломж  олгож ирснээ тодотгон, өнөөдрийн байдлаар 20 гаруй салбар сургууль, төвүүдэд гадаадын 140 орны 28 мянган оюутан, аспирант, докторант суралцаж байгаа бөгөөд 70 гаруй мянган төгсөгч дэлхийн 170 оронд төрөл бүрийн салбарт ажиллаж байна. Ази, Африк, Латин Америк, Европ, АНУ-ын томоохон их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоон, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүхий л чиглэлээр хамтран ажилладгаа онцлон тэмдэглэв.

Арга хэмжээнд хамтын ажиллагаатай зарим их дээд сургуулийн ректорууд, хүндэт зочид баяр хүргэн, сургуулийн оюутнууд, уран бүтээлийн студийн уран бүтээлчдийн шилдэг үзүүлбэрийг толилуулав. Уг арга хэмжээнд сургуулийн багш, эрдэмтэн докторууд, үе үеийн хүндэт төгсөгчид, ДТГ-ын төлөөлөл, оюутан, суралцагчид оролцлоо. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлөн нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, гуравдугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцов.