Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг төрөлжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд технологи, инновацийн асуудлыг онцгойлон анхаарах үүрэг өгсөн. Энэхүү санаачлагын хүрээнд Гадаад харилцааны яамны дэргэд “Технологи, инновацийн мэдээлэл, судалгааны зөвлөл”-ийг байгуулж, анхдугаар хурлыг 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдөр зохион байгуулав.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Банк, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны академи, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн сан, “Технож” Бизнес инкубатор төв, Монголын залуу эрдэмтдийн холбоо, SeedStars компани зэрэг байгууллагын төлөөлөл багтсан.

“Технологи, инновацийн мэдээлэл, судалгааны зөвлөл” нь тэргүүн ээлжинд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацийн чиглэлээрх мэдээлэл, олон улсын сайн туршлага, гадаад зах зээлийн талаарх мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг тухайн орны зах зээлд экспортлох боломжийн талаарх мэдээллийг Монгол Улсын хилийн чанад дах Дипломат төлөөлөгчийн газруудаар судлуулж аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд түгээх замаар ажиллах юм.