Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит 13 дугаар хуралдаан ОХУ-ын Москва хотноо 2018 оны 2 дугаар сар 26-ны өдөр болов. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд, Монгол-Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын Монголын хэсгийн дарга Б.Батцэцэг, оросын талаас ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд, Орос-Монголын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын Оросын хэсгийн дарга А.В.Груздев нар даргалав.

Дэд комиссын ээлжит 13 дугаар хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, чөлөөт бүсүүдийн хүрээн дэх хамтын ажиллагаа, тэдгээрийг идэвхжүүлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр, аялал жуулчлал, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа болон хил залгаа аймаг, субъектуудын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд дэд комиссын ажлын хэсгийн хуралдаанаар Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
Хуралдааны төгсгөлд Монгол, Оросын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааны протоколд хоёр тал гарын үсэг зурав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ