Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Монголын бизнесийн зөвлөл (МБЗ)-ийн гишүүн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад зориулсан сар бүрийн уулзалтад оролцож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон 2018 оны боломжууд” сэдвийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жил хагас гаруйн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээ, түүний үр дүнд эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувийн өсөлтөд хүрээд байгаа болон Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 4-8 хувь байх боломжтой гэсэн таамаглалыг гаргасныг дурдав.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2017 оны байдлаар 10,5 тэрбум ам долларт хүрч 27,3 хувиар, манай экспортын хэмжээ 6,2 тэрбум ам долларт хүрч өнгөрсөн оны экспортоос 26,1 хувиар тус тус өссөн тухай, түүнчлэн эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оны жилийн эцсийн байдлаар 1,3 тэрбум ам. долларт хүрч өссөнийг, үүний үр дүнд манай улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжсоныг цохон тэмдэглэв.

Тэрээр цаашид ч Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдэд ус, агаар мэт шаардлагатай хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, тогтвортой байдлыг хангах талаар онцгой анхааран ажиллахаа мэдэгдэж, эдийн засгийг төрөлжүүлэх, ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг тодорхой бодлогын дагуу дэмжих тухай байр суурийг илэрхийлэв.

Монголын бизнесийн зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг төлөөлөх зорилгоор 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын дуу хоолой болохыг зорьж ажилладаг, 220 гаруй гишүүн байгуулагуудыг эгнээндэ нэгтгэсэн салбартаа тэргүүлэх байгууллага юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ