ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЛИТВА УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд А.Марчюлёнитег 2018 оны 3 сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, байгаль орчин зэрэг салбарт хөгжүүлэх нөөц бололцоо, сонирхол байгааг нотолж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд И.Марчюлёните Улаанбаатарт ажиллах хугацаандаа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзах юм. Өнгөрсөн онд манай улсад Бүгд Найрамдах Литва Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хүнсний аюулгүй байдал болон жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр жижиг хэмжээний 2 төслийг анх удаа амжилттай хэрэгжүүлсэн юм.

Мөн энэ онд Бүгд Найрамдах Литва Улс тусгаар улсаа сэргээн тунхагласны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Элчин сайд И.Марчюлёните тус улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул С.Болдбаатартай хамтран  энэхүү ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулав.