Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Баба Ахмад Жидаг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Хоёр орон уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засагтайг дэд сайд Б.Батцэцэг онцолж, эдгээр салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Газрын тосны боловсруулалт, экспортоор дэлхийд тэргүүлэгч орны нэг Нигери Улс энэ салбарт мэдээлэл солилцох, туршлага хуваалцахад нээлттэй байгаагаа Элчин сайд Б.Жида тэмдэглэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдгээ мэдэгдэв.