Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Кот дИвуар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Доссо Адамаг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болж буй хоёр орны хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж манай хоёр оронд байгаа тухай дэд сайд Б.Батцэцэг тэмдэглэж, Элчин сайд ажиллах хугацаандаа хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаанаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Адама хоёр орны харилцаанд шинэ эхлэл бий болгож, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа онцлов.