Туркменстан Улсын Соёлын Яам, ОХУ дахь Туркменстан Улсын ЭСЯ, П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Улсын Консерваторитой хамтран туркменстаны алдарт хөгжмийн зохиолч, тус улсын ардын жүжигчин Халмамедов Нуры Халмадедовичийн мэндэлсэний 80 жилийн ойд зориулан, түүний уран бүтээлийн тоглолтыг зохион байгууллаа.

П.И. Чайковскийн нэрэмжит Консерваторийн Рахманиновын концертын их танхимд 2018 оны 3-р сарын 28-ны өдөр болсон уг арга хэмжээнд ОХУ дахь гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газар, Олон Улсын Байгууллагын төлөөллүүд, соёл урлагийн салбарынхан, хөгжмийн зохиолчийн төрөл төрөгсөд  оролцсон бөгөөд Элчин сайдыг төлөөлөн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцлоо.

Тоглолтын эхэнд хөгжмийн зохиолчийн намтар, уран бүтээлийн талаар сонсогч, үзэгчдэд таниулан хүргэж, түүний мэргэжил нэгт нөхдүүд, анд найз нар дурсамжаасаа хуваалцлаа.

Уран бүтээлийн үдэшлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд тоглолтын эхэнд түүний виолончель болон фортепиано хөгжимд зориулсан дан хөгжмүүд эгшиглэсэн бол 2 дугаар хэсэгт ари романс, кинонд зориулан бүтээсэн аяз, хөгжмүүдийг сонсогчдын сонорт хүргэлээ.

Туркменстаны Урлагийн гавъяат жүжигчин, хөгжмийн зохиолч Нуры Халмамедов нь төрсөн нутагтаа хөгжмийн дунд сургууль төгссөний дараа П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Хөгжмийн Их Сургуульд элсэн суралцаж 1963 онд төгссөн байна. 19 насандаа анхныхаа романсыг бичиж байсан бол 23 насандаа “Туркмения” симфонийг зохиосон байна.

Түүнийг нас барсны дара 1991 онд түүнд Туркменстаны Ардын жүжигчин цолыг нөхөн олгожээ. Өнөө цагт ч түүний зохиосон дан ба найрал хөгжмийн аялгуу, романс, симфони, киноны болон зохиолын дуунууд ард түмнийх нь сэтгэлд ойр байж, эгшиглэсээр байгааг анд нөхөд, төрөл төрөгсөд, нутгийнхан нь дурсаж байна.