ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНД УЛСЫН ЭЛЧИН САЙД ГУННАР СНОРРИ ГУННАРСОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Гуннар Снорри Гуннарсоныг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Гуннар Снорри Гуннарсон Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайдад гардуулaв. Элчин сайд 2006-2010 онд Монгол Улсыг хавсран сууж байснаа дурдаад хоёр улс цөөхөн хүн ам, том газар нутаг зэрэг ижил төстэй зүйлстэйг онцлов. Мөн талууд аялал жуулчлал, газрын гүний дулааны эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Гуннар Снорри Гуннарсонд баяр хүргээд Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл өгч, худалдаа, эдийн засаг, өвлийн спорт, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллахыг хүсэв.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД АЛБЕРТО КАРНЕРО ФЕРНАНДЕЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Вант Улсаас Монгол Улсад хавсран  суух Элчин сайд Алберто Карнеро Фернандезийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Алберто Карнеро Фернандез Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайдад гардуулж, Испани Улсын улс төр, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Алберто Карнеро Фернандезд баяр хүргээд Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн хоёр орны ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын жилүүдэд зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, ГХЯ-ны албан хаагчдыг урт, богино хугацааны испани хэлний сургалтад хамруулах боломжийг судлахыг Элчин сайдаас хүсэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД МЕКСИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Бруно Фигуэроа Фишерийг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж, хоёр орны парламент, боловсрол, урлаг, соёл,  биеийн тамир, спорт, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарт тодорхой ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэн, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Ф.Бруно 2017 оны 9 дүгээр сард Мексикт тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Монгол Улс эв санааны нэгдлээ илэрхийлсэнд Мексик Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор аялал жуулчлал, ноос, ноолуурын салбарт хамтран ажиллах боломж бололцоо байгааг тэмдэглэв.

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД БАХТИЁР САИДОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бахтиёр Саидовыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг дипломат харилцаа тогтоогоод 26 жил болж буй Монгол, Узбекистаны найрсаг харилцааг идэвхжүүлэх, нэн ялангуяа хоёр талын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр шинээр томилогдож буй Элчин сайд анхаарч ажиллана гэж найдаж буйгаа илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоёр орны зарим бизнес, аж ахуйн нэгжийн төлөөллийг холбож, зохих дэмжлэгийг үзүүлж ажиллахаар тохиров.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Теймуровыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Рамзи Теймуров уулзалтын эхэнд Итгэмжлэх жуух бичгийн хувийг Гадаад харилцааны дэд сайдад гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Элчин сайд Азербайжан Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийг   дэмжиж буй туршлагын талаар товч танилцуулж, Монгол, Азербайжаны хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа мэдэгдэв.

Дэд сайд Б.Батцэцэг  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.  Өнгөрсөн 3 дугаар сард Баку хотноо гарын үсэг зурсан Хамтран ажиллах тухай Монгол, Азербайжаны Гадаад харилцааны яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахад хоёр тал хамтран ажиллахаар тохиров.