Цэвэр ундны ус, цэвэрлэх байгууламжаар хангагдах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай элч н.Лео Хеллэр 2018 оны 4 дүгээр сарын 9-нөөс 20-ны өдөр Монгол Улсад ажиллана.

Тусгай илтгэгч цэвэр ундны ус, цэвэрлэх байгууламжаар хангагдах хүний эрхийг хангах чиглэлээр олон улсын гэрээ конвенцийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа Монгол Улс хэрхэн биелүүлж байгаатай газар дээр нь танилцаж, зөвлөмж гаргах юм. Тусгай илтгэгч Лео Хеллэр айлчлалынхаа хүрээнд холбогдох яамд, ус болон ариун цэврийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээ хариуцсан газрын удирдлагатай уулзахаас гадна, сургууль, эмнэлэг, цагдан хорих төв зэрэг хэрэглэгч байгууллага, хүмүүсийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Мөн тэрээр 4 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд ажиллах юм.

Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй Тусгай илтгэгч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Тусгай илтгэгч нартай бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.

Тусгай илтгэгч Лео Хеллэр Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2018 оны 9 дүгээр сард болох Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 39 дүгээр чуулганд танилцуулна.

н.Лео Хеллэр Цэвэр ундны ус, цэвэрлэх байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай элчээр 2014 онд  томилогдсон. Тэрээр Бразилийн Освалдо Круз Сан-д судлаачаар ажилладаг бөгөөд түүнээс өмнө 1990-2014 онд хүртэл Минас Хэраисийн Холбооны Их сургуулийн Цэвэрлэх байгууламж, байгаль орчны инженерчлэлийн тэнхимийн профессороор ажиллаж байсан ажээ.