ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Азербайжан Улсын нийслэл Баку хотноо Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-ий Ахлах албан тушаалтны уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 3-4-нд, Сайд нарын 18 дугаар бага хурал 4 дүгээр сарын 5-6-нд тус тус болж өнгөрөв. “Тогтвортой хөгжлийн төлөө олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хөхиүлэн дэмжих нь” сэдвийн доор болсон эдгээр хуралд хөдөлгөөний гишүүн 120 улс, ажиглагч 17 орон, олон улсын 10 гаруй байгууллагын нийт 800 гаруй төлөөлөгч оролцож, Бакугийн Тунхаглал, Төгсгөлийн баримт бичгийг батлав.

Төгсгөлийн баримт бичигт манай төлөөлөгчдөөс оруулсан Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах Олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болсонд баяр хүргэж, төвийн үйл ажиллагааг дэмжих, бүх нийтийн боловсролыг урагшлуулах, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах болон Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сарын 3-6-нд болох Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд холбогдох талуудыг идэвхтэй оролцохыг уриалсан заалтууд батлагдав.

Сайд нарын бага хурлын Ерөнхий хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг үг хэлэв.  Тэрээр хэлсэн үгэндээ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, ардчилал ба сайн засаглалыг бэхжүүлэх, тэгш шудрага хөгжлийг тогтооход чиглэсэн идэвхтэй улс төрийн хүч болохоор дэвшүүлсэн ЭҮНХ-ий зорилтуудыг дэмжиж, Бакугийн төгсгөлийн баримт бичгүүд нь энэ зорилтыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна хэмээн итгэж буйгаа илэрхийлэв. Тэрээр цааш нь 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүний дотор Засгийн газрын Гурван тулгуурт хөгжлийн бодлогын тухай танилцуулав.

Монгол Улс нь Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд Улаанбаатар хотноо Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийг албан ёсоор нээх Сайд нарын бага хурлыг энэ оны 6 дугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухай мөн онцлов.

Солонгосын хойгтой холбогдуулан сүүлийн үеийн нааштай үйл явцыг Монгол Улс талархан хүлээн авч, удахгүй болох Дээд хэмжээний уулзалтууд нь итгэлцлийг сэргээх, улмаар Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болно хэмээн найдаж буйг тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо ирэх 6 дугаар сарын 14-15-нд болох Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурлын бэлтгэлийн талаар мэдээлэв.

Бага хурлын үеэр ГХЯ-ны ОТХАГ-ын захирал О.Энхцэцэг Азербайжаны Гадаад хэргийн яамны Бүс нутгийн аюулгүй байдлын газрын захирал Камил Хасиевтай уулзаж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУСТ-ийг нээх Сайд нарын бага хуралд Азербайжаны Гадаад хэргийн сайд Элмар Маммадяровыг урьсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгыг гардуулав.  Түүнчлэн манай төлөөлөгч Мальдивын Гадаад хэргийн яамны дэд сайд Ахмед Сорир, Сербийн Гадаад хэргийн яамны Улс төрийн газрын захирал Зоран Вужик нартай айлын талын хүсэлтээр уулзаж, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Дашрамд өгүүлэхэд анх 1961 онд 25 гишүүнтэй байгуулж байсан ЭҮНХ-ий эгнээнд өдгөө дэлхийн 120 улс нэгдсэн бөгөөд манай улс тус хөдөлгөөнд 1991 онд элссэн. ЭҮНХ-ий гишүүн орнууд нь НҮБ-ын гишүүдийн гуравны хоёрыг, дэлхийн нийт хүн амын 55 хувийг бүрдүүлдэг байна.

ЭҮНХ-ий Дээд хэмжээний XVIII уулзалт 2019 онд Баку хотноо болно.