Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит долдугаар хуралдаан 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Прага хотноо болж байна. Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Чехийн хэсгийн даргаар Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Мужицкий нар ажилладаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байгаагийн зэрэгцээ талуудын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох арга хэмжээ болж байна.

Хуралдааны эхний өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНЧУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Радек Полицартай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын уулзалт хийсний зэрэгцээ тус улсын хамгийн том эмнэлэг болох Мотол болон жилдээ 40 мянган гаруй эмнэлэгийн ор үйлдвэрлэгч “Линет” компаниар зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дах Монгол-Чехийн Найрамдлын бүлгийн дарга Х.Нямбаатар нар БНЧУ-ын Парламентын дээд танхим болох Сенатын танхимаар зочилж Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дах Европын холбооны асуудал хариуцсан дэд дарга Ярослав Доубраватай уулзалт хийлээ.