СЭТГЭЛ ЗҮЙЧ Г.НАРАНБААТАР БЕЛЬГИ УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДАД ЛЕКЦ УНШЛАА

Сэтгэл зүйч, Доктор Г.Наранбаатар  гэр бүл, залуучуудад зориулсан “Эхлүүл Дуусга” сэдвийн хүрээнд төлөвшилт, хандлага, өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх болон сэтгэл зүйн эрүүл мэндийн олон чухал асуудлыг хөндсөн лекц, ярилцлагыг 4 дүгээр сарын 9-ний өдөр БВУ-ын Антверпен хотын “Thomas More” их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулав.

Лекц ярилцлагад Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хот болон Гент, Брюгге, Антверпен зэрэг хотуудад сурч хөдөлмөрлөж байгаа оюутан залуус болон тус хотуудад ажиллаж амьдардаг бүхий л насны иргэд хүрэлцэн ирэв. Доктор Г.Наранбаатар болон энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид “Бельги дахь  монголчууд энэхүү илтгэлийг сонсохоор маш их идэвхи санаачлага гарган ирсэн нь тэдний оролцоо, насны бүтэц, эцэг эхчүүд өсвөр үе залуусынхаа төлөө тавьж буй нандин хайр халамж, нөлөөллийн илрэл байлаа” гэж дүгнээд тэдэнд дараа дараагийн илтгэл, сургалтын хэрэгцээ байгааг тэмдэглэв.

Арга хэмжээний дараа сургалтанд оролцогчид халуун дотно яриа өрнүүлж санал бодлоо хуваалцахын зэрэгцээ “Thomas More” их сургуулийн олон улсын хөтөлбөр хариуцсан менежер Доктор Г.Наранбаатарыг энэхүү илтгэлээ тус сургуулийн оюутан залуусд англи хэлээр тавих саналыг гаргав.