Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Сөүл хотноо 2018 оны 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэстэн дамнасан аюул заналтай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикализмтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаарх бүс нутгийн бага хурал”-д оролцов.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг бага хурлын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас терроризмын аюул заналтай тэмцэх талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санал санаачилгын талаар танилцуулан олон улсын түвшинд хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улс орнууд дан ганц өөрийн хүчин чармайлтаар бус хамтын хүчин чармайлт, тухайлбал, бүс нутаг дахь улс орнуудын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг бий болгох замаар шийдвэрлэх нь илүү үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиох 2019 онд бүс нутгийн дараагийн бага хурлыг Монгол Улсад хүлээн авч, зохион байгуулах саналыг дэвшүүлэв.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюнтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус бага хурлыг Ази тивд анх удаа зохион байгуулж буй бөгөөд бага хуралд ЕАБХАБ-ын гишүүн улс, олон улсын байгууллага болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нийт 150 гаруй төлөөлөгч оролцов.