ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  4 дүгээр сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжиг хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, тухайлбал, Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа Монголд дэд бүтэц, зам барилга, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг тэмдэглэн дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн ЭСЯ-ны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн  Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж, иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлов.

Манай хоёр улс 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд АНЭУ 2016 оноос Монголд байнгын ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. Мөн айлын тал ЭСЯ-ныхаа шинэ байрны нээлтийг хийхээр төлөвлөж байгаа аж.

Абу Дабигийн хөгжлийн сангаас Тайширын усан цахилгаан станцыг барих төсөлд 2003 онд 13 сая ам. долларын зээл олгож байсан бол саяхан АНЭУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн зарим хороо, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд буцалтгүй тусламж болгон 200 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.