ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ЖО ХЕН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаанд оролцож буй БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жо Хен-ийг энэ 3 дугаар сарын 26-нд хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар манай улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойрын түншийн нэг болох БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж тус улстай улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, Монгол дахь БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиход чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жо Хен Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит хуралдаан амжилттай болж, талууд улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэнд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. БНСУ-ын тал Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулан БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг монголын талтай шуурхай тохирч, холбогдох баримт бичгийг байгуулах талаар хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олголтыг өргөжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

Талууд мөн уулзалтын үеэр бүс нутаг болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.