УНГАР УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Унгар Улсын Парламентын дэд дарга Шандор Лежак-ийн санаачилгаар тус улсын Локителек хотод 2018 оны 3 дугаар сарын 13-14, 27-28-нд хоёр ээлжээр Унгар Улсад суралцаж буй Монгол оюутнуудын уулзалтыг Будапешт дахь Элчин сайдын яам зохион байгуулав.

Уг чуулга уулзалтад 12 их сургуулийн /Будапештийн Корвинус их сургууль, Будапештийн Өтвөш Лорандын шинжлэх ухааны их сургууль, Будапештийн технологи, эдийн засгийн их сургууль, Будапештийн Өбуда их сургууль, Будапештийн Эдийн засгийн Их сургууль, Гөдөллө хотын Сент Иштван их сургууль, Печь хотын Их сургууль, Мишкольц хотын их сургууль, Дебрецен хотын их сургууль, Сегед хотын их сургууль, Шопрон хотын их сургууль, Весприм хотын Пананио их сургууль/ 150 гаруй бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшихээр суралцаж буй Монгол оюутнууд оролцлоо. Унгар Улсын Их Хурлын дэд дарга Лежак Шандор, Унгарын Гадаад хэрэг, худалдааны яамны “Зүүн зүгийн нээлттэй бодлого”-ын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Чутура Жолт нар чуулга уулзалтад оролцов.

Тус улсад суралцаж буй оюутнуудад Унгар Улсын хууль, эрх зүйн орчин, Унгарын түүх, соёл, урлаг, хүнс, байгалийн үнэт зүйлсийн тухай мэдээлэл өгөхийн зэрэгцээ Унгар Улсад хуримтлуулсан мэдлэг, мэдээллээ ашиглан цаашид эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар чөлөөт ярилцлага хийж, оюутны сайн дурын санаачлагын мэргэжил, сонирхлын бүлгэм, клуб байгуулах боломжийн талаар илтгэл, хэлэлцүүлэг хийв.