Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит долдугаар хуралдаан 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Прага хотноо амжилттай болж өндөрлөлөө. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 2005 оны хэлэлцээрийн дагуу шинэчлэн зохион байгуулсан Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх яриа хэлэлцээний үндсэн механизм болж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааг тодорхойлж хамтарсан протоколд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Чехийн хэсгийн дарга, Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Мужицкий нар гарын үсэг зурлаа.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яам тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа Прага хотын Амьтны хүрээлэнтэй “Нэн ховор зүйл амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын баруун хэсэг дэх Бөхөн болон Хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулсан бөгөөд манай улсын хөдөө аж ахуй, барилга, ойн чиглэлийн 20 гаруй бизнес эрхлэгчид оролцсоны зэрэгцээ энэ жил 90 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Брно хотын үзэсгэлэн яармагт оролцлоо.

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дах Монгол-Чехийн Найрамдлын бүлгийн дарга Х.Нямбаатар нар БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Войтех Филипт бараалхсаны зэрэгцээ тус улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Адам Войтехтэй хоёр талын уулзалт хийж эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тэр дундаа эмийн хяналт, үнэлгээ болон тус улсын Засгийн газрын тусламжаар эмнэлэгийн тоног төхөөрөмж, ор зэргийг авах асуудлаар санал солилцож хамтран ажиллахаар тогтлоо.