FITCUBA АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ЭЛЧИН САЙД Ц. БАТБАЯР ОРОЛЦОВ

2018 оны 5 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Куба Улсын Вилла Клара мужийн Санта Мариа бүсэд зохион байгуулагдсан “FitCuba XXXVIII” Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармагийн нээлтэнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр болон Элчин сайдын яамны ажилтнууд оролцов. Мөн үеэр Кубын Аялал жуулчлалын сайд Мануэл Марреро Крузийн удирдан явуулсан аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийн танилцуулах семинарт оролцож, үзэсгэлэн яармагтай танилцав.

Кубын хувьд орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан бусад салбарт хөрөнгө оруулалт хийх эрмэлзлийн хүрээнд энэ жилийн “FitCuba” арга хэмжээг Кубын үзэсгэлэнт газруудын нэг Хавана хотоос 400 гаруй километрийн зайд байрлах орчин үеийн хэв загвартай Санта Мариа аялал жуулчлалын бүсэд зохион байгуулсан нь онцлог байв. Куба Улс өнгөрсөн 2017 онд 4.7 сая жуулчин хүлээн авсан. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн хүндэт зочноор ИБУИНВУ оролцов.