Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, нэрт орчуулагч, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Тойтогийн Төмөрхүлэг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнуулсныг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хатагтай Элизабет Барсак энэ сарын 15-ны өдөр гардууллаа.

Элчин сайд Э.Барсак “Т.Төмөрхүлэг нь дипломат алба, түүх, утга зохиолын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм” хэмээн энэхүү хүндтэй одонг гардуулах үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.

Т.Төмөрхүлэг нь Bольтер, Шарль де Монтескье, Дени Дидро, Ги де Мопассан, Антуан де Сэнт-Эксюпери, Альбер Камю зэрэг Францын үе үеийн алдарт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж, монгол уншигчдын хүртээл болгохын зэрэгцээ “Цогт тайж”, “Ингэн нулимс” зэрэг киног франц хэлнээ хөрвүүлсэн манай нэрт орчуулагч хүн юм.

“Хүндэт легионы одон” нь Францын цэргийн бөгөөд иргэний хамгийн дээд шагнал бөгөөд энхий болон дайны цагт онцгой гавьяа байгуулсан хүндтэй хүмүүст олгодог байна. Мөн тус одонгоор Францын соёлыг дэлхийн улс түмэнд түгээж, сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг ажээ.