2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсаны саначилсан “Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт оролцож буй Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний  газрын дарга С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг Бангкок хот дахь Хааны “Дусит” ордны “Читралада” өргөөнд хүлээн авч уулзав.

Монголын төлөөлөгчдийг Эрхэмсэг гүнжид бараалхах үеэр Тайландын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын ерөнхий захирал Сурасри Кидтимонтон “Хааны бороо” төслийн дэвшилт технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулж, Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн төслийн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоцны загварыг төлөөлөгчдийн тэргүүнд гардуулав. Уулзалтад Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн оролцов.

“Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас нь танилцах аяллыг Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны төслийн ажлын албанаас зөвшөөрөл олгосны дагуу Тайландын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТАЙКА/-тай хамтран 2018 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү танилцах аяллаар манай төлөөлөгчид “Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, тус технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр Тайландын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон нь ач холбогдолтой боллоо.

“Хааны бороо” төсөл 1955 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлж, хиймэлээр бороо оруулж, хуурай улиралд ган гачгийн аюулыг бууруулах, хар утаа угаарыг багасгах, ойн түймрийг унтраах, түүнчлэн борооны улиралд хур борооны оролтыг зохицуулан тэнцвэржүүлэх хийгээд усан сангуудын усны нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлж нөөцлөхөд ихээхэн нэмэртэй байдаг ажээ.