МОНГОЛ-ТУРК УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АНКАРА ХОТНОО БОЛЛОО

Туркийн Ойрхи Дорнодын Төрийн Захиргааны институт /TODAİE/,  Монгол Улсын Удирдлагын академийн хамтран зохион байгуулсан Монгол-Турк улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтсан эрдэм шинжилгээний хурал Анкара хотноо амжилттай болж өндөрлөв. Хурлын хүндэт зочноор Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Эрдоан, ГХЯ-ны Хоёр талын улс төрийн газрын захирал В.Алтай, Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд нар оролцож үг хэлэв.

 

Хуралд хоёр орны 10 гаруй илтгэгчид эдийн засаг, аюулгүй байдал, түүх, боловсрол, чөлөөт худалдаа, дипломат болон соёлын харилцааны орчин үеийн талаар сонирхолтой илтгэл, судалгаануудыг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа. Хоёр улсын хувьд худалдаа, эдийн засгийн асуудал зогсонги болоод байгаа энэ үед бодит судалгаа шинжилгээ, тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээ мэдээлэл солилцсон нь энэ удаагийн хурлын онцлог давуу тал байв. Хурлын завсарлагаанаар “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид Туркийн сайн дурын уран бүтээлчтэй хамтран монгол, турк аяыг тоглон, уран бүтээлийн дээжээсээ толилуулав.

Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ хурлын зохион байгуулалтанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан ба хурал болсон байрны гадаа Монгол гэр барьж, монгол ахуй соёлыг сурталчиллаа. Мөн хурлын үеэр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр “Монгол дахь Туркийн соёлын ертөнц” нэртэй фото зургийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулж олны хүртээл болгов.