ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОЛЬШ УЛСАД АЖИЛЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо 2018 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ажиллах үеэрээ Монгол, Польшийн хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын уулзалт хийсний сацуу Европын орнуудад үйл ажиллагаа явуулж буй Монгол төрийн бус байгууллагуудын арга хэмжээнд уригдан оролцов.

Дэд сайд Б.Батцэцэг Польшийн Гадаад хэргийн дэд сайд Пиотр Вавжыктай уулзсан бөгөөд хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нар Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа тэмдэглэж, хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа харилцан илэрхийлэв.

Мөн дэд сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 25-ны өдөр Варшавын Их сургуульд “Монгол Улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт лекц уншиж, Монгол судлалын тэнхимийн багш, судлаач нартай санал солилцов. Тэрээр “Монгол ба Монголчууд: өнгөрсөн үе – өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлыг энэ оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Варшав хотноо амжилттай зохион байгуулсан Польшийн эрдэмтэн, судлаач, багш нарт талархал илэрхийлж, Монголчуудын бүтээсэн түүх, соёлын өвийг судлах  эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэв.

Түүнчлэн Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, “Польш дахь Монгол хэл, соёлын төв”, “Цахим өртөө” ТББ-аас хамтран зохион явуулдаг “Оюунлаг оршихуй-Польш Улсад” цахим нэвтрүүлэг, ярилцлагад дэд сайд Б.Батцэцэг уригдаж, Польш Улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Варшав хотноо ажиллах үеэрээ дэд сайд Б.Батцэцэг Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүд-эрүүл мэнд” форумд 5 дугаар сарын 26-ны өдөр оролцон “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого” сэдвээр илтгэл тавьж, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэднийг хөгжүүлэхэд чиглэгдсэн санаачлага, арга хэмжээний талаар танилцуулав.

Тус форум арга хэмжээнд оролцохоор Монгол Улс болон Европын 14 орноос нийт 100 гаруй эмэгтэйчүүд хүрэлцэн ирсэн байна.