ЯАМД, АГЕНТЛАГУУД БОЛОН АЙМГУУДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг болон аймгийн гадаад харилцаа хариуцсан ажилтнуудад гадаад бодлого, үйл ажиллагаа, нэгдсэн зохицуулалт, дэг жаягийн талаар мэдээлэл, зөвлөмж өгөх зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-нд сургалт-семинар зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд 12 яам, 17 агентлаг, 20 аймгийн төлөөлөл нийт 120 орчим хүн оролцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар манай улсын гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч буй салбарууд буюу гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад сурталчилгаа, соёлын харилцаа болон гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр товч танилцуулж, үг хэлэв.

БТГ-ын захирал Ш.Одонбаатар “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмж, Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх,  гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангахад  яамд, агентлагууд болон аймгуудын зүгээс анхаарах асуудлуудыг танилцуулав.

Түүнчлэн ГХЯ-ны холбогдох газар, нэгжийн удирдлага өөрсдийн хариуцсан асуудлаар мэдээлэл хийж, яам, агентлаг болон аймгуудын зүгээс анхаарах асуудлын талаар заавар, зөвлөгөө өгч, оролцогсдын сонирхсон асуултад хариулав.

Цаашид яам, агентлаг, аймгийн гадаад харилцааны ажилтнуудад зориулсан энэхүү сургалтыг нэгдсэн байдлаар жил бүр зохион байгуулж байх болно