Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 9-нд  Монгол дахь Энхтайвны корпусын  орон хариуцсан захирал ноён Жин Никсонийг манай улс дахь албан томилолтоо дуусгаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энхтайвны корпус нь өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд Монголд сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын  нийгмийн хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулж, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг сайшаан тэмдэглэв.

Тэрээр Монгол дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх улмаар ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад англи хэлний хичээл заах, спортын багш дасгалжуулагч солилцох зэргээр хамтын ажиллагаагаа тэлж болох талаар саналаа танилцуулав.

Ж.Никсон Монголд ажилласан он жилүүд нь үр дүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс сайн дурынхны үйл ажиллагааг ямагт дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

1990-ээд оноос хойш нийт 1300 гаруй сайн дурын ажилтан Монголд ирж ажиллажээ. Энэ хугацаанд тэд манай улсын 21 аймгийн сум, багуудад хүрч ажилласан байна.