Монгол, Япон, АНУ-ын ээлжит гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай С.Торнтон, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тус тус төлөөлөгчдөө тэргүүлж оролцов.

Талууд энэ удаагийн уулзалтаар Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, нэгдмэл сонирхол бүхий асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд явуулж буй үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг асуудлаар санал солилцов. Мөн харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ хүрээнд Монгол Улсыг бүс нутгийн интеграцид түлхүү оролцуулахад америк, японы талууд хамтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон гурван талт уулзалтаас хойш Зүүн Хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдал, ялангуяа, Солонгосын хойгийн эргэн тойрны асуудлыг яриа хэлцээний замаар шийдвэрлэхийн төлөөх хамтын хүч чармайлтад ахиц гарч, Солонгос хоорондын, улмаар АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалт хийхээр болсныг цаг үеэ олсон чухал үйл явдлууд гэдгийг сайшаан тэмдэглэж, манай улсын зүгээс бүс нутагт явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэв. АНУ болон японы тал эл чиглэлээр монголын талын оруулж буй хувь нэмэр, түүний дотор “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачлагын ач холбогдлыг онцлон дэмжиж ажиллана гэв. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож зөрчил мөргөлдөөн бүхий зарим халуун цэгт намжмал байдлыг тогтооход оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.

Уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь гурван талт хамтын ажиллагааны гол чиглэл байна гэдгийг нотлов. АНУ болон Япон Улс нь манай улсын чухал түнш, “гуравдагч хөршүүд” бөгөөд манай улс АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулах хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бол Япон Улс нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад 850 сая долларын хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн билээ. Монгол Улс Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа нь манай улсын бүс нутгийн интеграцид нэгдэх болон гурван улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлон тэмдэглэв.

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Японы Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Т.Мори нар Монгол-Японы ГХЯ хоорондын Стратегийн III зөвлөлдөх уулзалтыг хийж бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай С.Торнтон, Японы Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.