“Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт Берлин хотноо өнөөдөр амжилттай эхэллээ. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн чин хүслээр эвлэлдэн нэгдэж, анх 2005 онд Лондон хотноо хуран чуулснаас хойш тус арга хэмжээг тасралтгүй жил бүр зохион байгуулж, ийнхүү 14 дэх удаагаа Берлин хотноо хуран чуулж байна.

Улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг тухайн жилийнхээ сэдэв болгон хөндсөөр ирсэн чуулга уулзалт энэ жил “Боловсрол” сэдвийг сонгон хэлэлцэж, “Олон улсын боловсрол салбарын өөрчлөлт, чиг хандлага”, “Блокчейн ба нээлттэй боловсрол“, Монгол Улсын боловсролын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, чиг хандлага”, “Цахим эрин дэх боловсролын чиг хандлага” зэрэг олон асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна. Чуулга уулзалтын хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-уудын бүсийг уулзалт, хилийн чанад дахь Монгол хэл, соёлын сургалтын байгууллагуудын багш нарт зориулсан сургалт, семинар, Монголын Шатрын холбооны нэрэмжит Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.