Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт бараалхаж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй хэлэлцээ хийв.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн асуудлууд болон дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ оны 4 дүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгож, хамтран хэрэгжүүлэх талаар тохиролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож, мөн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийх болон Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцов.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулж, Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар санал солилцов.