ХӨХ ХОТОД ХҮҮХДИЙН ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр монгол дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн зургийн уралдаан энэ жил “Байгаль дэлхийгээ хамгаалья” сэдвийн дор Монгол Улс болон ӨМӨЗО-ны хүүхэд багачуудын дунд 7 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Уралдааныг 6-17 насныхны дунд гурван насны ангиллаар зарлаж тус уралдаанд Монгол Улсаас 148, ӨМӨЗО-ны өнцөг булан бүрээс 855 нийт 1003 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Ангилал тус бүрд зургаан оролцогчийг шалгаруулж, шилдэг 200 бүтээлээр Хөх хотын  үндэстний туршилтын сургуулийн үзэсгэлэнгийн танхимд Үзэсгэлэн гаргалаа. Тус уралдаан анх 7 жилийн өмнө зөвхөн Хөх хотод амьдарч буй Монгол Улсын хүүхдүүдийн дунд зарлагдаж, 70 бүтээл хүлээж авч байсан бол жил ирэх тутам хүрээгээ тэлж ӨМӨЗО-ны бүх аймаг хошуудаас гадна Монгол Улсаас оролцох хүүхдүүдийн тоо өссөөр байгаа юм. Энэ жилийн тухайд Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулагчаар оролцож тус төвийн Сургалтын албаны дарга Б.Чулуунцэцэг, багш А.Үржинханд, “Дойче шүле” сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Ундарьяа, 105 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батцэцэг нарын багш сурагчдын төлөөлөл “Байгаль дэлхийгээ хамгаалья” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас хүрэлцэн ирж оролцлоо.

Хүүхдийн зургийн үзэсгэлэн 2018 оны 06 сарын 1-нээс 7-ны хооронд тус сургууль дээр үргэлжилж  сургуулийн зураг сонирхогч хүүхэд багачууд, эцэг эхчүүд үзэж сонирхох юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, ӨЗО-ны КН-ын Суртал ухуулгын хэлтсийн Соёл иргэншлийн албаны дэд дарга Ван Шяолин, ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгийн дарга Ц.Бэрцэцэг, Хөх хотын  үндэстний туршилтын сургуулийн захирал Далай, Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн Сургалтын албаны дарга Б.Чулуунцэцэг нар оролцож хүүхэд багачуудад баяр хүргэж үг хэлэн, Тэргүүн байрт шалгарсан сурагчдад шагнал гардуулсны дээр тус ЕКГ-аас Монгол Улсын болон ӨЗО-ны тэргүүний хоёр оролцогч, хамгийн залуу оролцогчдод нэрэмжит тусгай шагналаа гардууллаа.

Тус үзэсгэлэн 2018 оны 07 сарын 20-ноос долоо хоногийн хугацаатай Монгол Улсын Хүүхдийн урлан бүтээх төвийн галерейд гарах юм.