МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙСАН ЧЕХ УЛСЫН ИРГЭДИЙН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол-Чехословакын Анд нөхдийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан манай улсад ажиллаж, амьдарч байсан Чех Улсын иргэдийн уулзалт, ярилцлагыг Монголын Анд нөхдийн нийгэмлэг болон тус ЭСЯ хамтран зохион байгууллаа.

Уулзалт, ярилцлагад Монголч эрдэмтэн, Элчин сайд асан Иржи Шима, Эрдэнэтийн ордыг анх нээн илрүүлэхэд Монгол, Чехословакын геологийн экспедицийг ахалж байсан инженер Моёмир Краутер тэргүүтэй 1960-1990 оны хооронд манай улсын геологи, хөдөө аж ахуй, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан мэргэжилтнүүдээс гадна Улаанбаатар хотноо Чехословак Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан ахмад дипломатчид хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн дурсамж, түүхийн талаар ярилцан сонирхолтой танилцуулга, гэрэл зургуудийг сонирхууллаа.

Монголын Анд нөхдийн нийгэмлэг нь Чех Улсад Монгол Улсыг сурталчилан таниулж, нийгмийн болон шинжлэх ухааны салбарт ЭСЯ-тай тогтмол хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус нийгэмлэгийн гишүүд нь Монгол Улстай ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс байдаг бөгөөд уулзалт арга хэмжээний үеэр Монгол Улсын төр засаг, ард түмэн тэдний хөдөлмөр, гавъяаг мартаагүй, үргэлж үнэлж хүндэтгэж байдгийг Элчин сайд Н.Наранбат цохон тэмдэглээд цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэв.