ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцлоо.

Тэрбээр, “Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе” гэлээ.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Засгийн газраас боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх  100 хувь төрийн өмчит компани байгуулах тухай 92 дугаар тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг гаргах Зөвлөхөөр Энэтхэг Улсын  “Инженерс Индиа Лимитед” компани шалгарсан. Хөндлөнгийн хяналт тавих “Захиалагчийн Инженер”-ээр (Owner’s Engineer) Италийн “Кинетик технолог” компани ажиллаж байна.

ТЭЗҮ-ийн гол өгөгдөл:

  • Хүчин чадал: жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах
  • Үйлдвэрийн байршил: Дорноговь аймгийн Алтанширээ сум
  • Боловсруулах тос: Тосон Уул XIX, Тамсаг XXI тос, Цагаан элс
  • Жилд ажиллах хугацаа: 8000 цаг
  • Эрчим хүчний хангамж: Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх (33 MB)
  • Усны хэрэглээ 2,5 сая м3, (70%-ийг цэвэршүүлэн дахин ашиглана)
  • Үйлдвэрийн бүтээгдэхүүн: автобензин, дизель, онгоцны шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий
  • Түүхий тосны тээвэрлэлт: Дамжуулах хоолой

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт багтаан уг үйлдвэрийг байгуулахаар тооцож тохиролцоод байна. Түүхий тос дамжуулах хоолойн хувьд манайхтай ижил төстэй цаг уурын нөхцөлтэй улс орны технологийг ашиглан барьж байгуулна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.350 тэрбум орчим ам. доллар бөгөөд хөрөнгө оруулалтын зардлаа 7-8 жилийн дотор нөхөх боломжтой. Боловсруулах үйлдвэрийг 2022 оны IV улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Стратегийн ач холбогдол бүхий энэ үйлдвэр байгуулагдсанаар манай улс эрчим хүчний нэг гол эх үүсвэрийн импортын хамаарлаас гарч, түлш шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжихоос гадна аж үйлдвэрийн нэгэн шинэ салбар, эдийн засагт маань нэгэн шинэ тулгуур бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.