Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хамтран Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

2005 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагдаж байгаа Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн яриа хэлцээний үр дүнтэй талбар болон хөгжсөн онцлогтой.

Бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд үндсэн 5 хуралдаанаас гадна  техникийн 6, сэдэвчилсэн 8, салбар 55 хуралдаан болж, бүс нутгийн болон үндэсний түвшинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилттэй уялдуулан хэлэлцэнэ.

Уг бага хурлаас Улаанбаатарын тунхаглал, 2018-2020 онд хэрэгжүүлэх Гамшгийн  эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөөг батална.

Азийн сайд нарын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт Онцлох хуралдааныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 7 дугаар сарын 4-ний өдрийн Сайд нарын бага хурлыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тус тус даргалан оролцоно.