“МОНГОЛ ЭКСПОРТ” ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батлав.

“Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг ГХЯ, СЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ҮХГ, ГЕГ, МХЕГ зэрэг гадаад худалдаа, ялангуяа экспортын үйлдвэрлэл, худалдаатай холбоотой асуудал хариуцдаг яам, агентлагууд болон МҮХАҮТ-ын төлөөлөл багтсан Ажлын хэсгээс боловсруулсан.

Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү болон татварын таатай орчныг тогтвортой болгох, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх явдал юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж ажиллана. Хөтөлбөрийг 2018-2022 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү болон татварын таатай орчин тогтвортой болж, нэмүү өртөг өндөртэй экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо нэмэгдэж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, экспортын гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа, зардал буурч, Монгол Улсын нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь хэмжээ, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого өснө гэж тооцоолж байна.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой болох юм.