МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ

Монгол Улс, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хурал Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болов.

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлд оролцох төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тайландын талаас тус улсын Гадаад харилцааны яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруан нар ахалж хуралдуулав. Хуралдаанд ГХЯ, БОАЖЯ, ХААХҮЯ, ҮХГ зэрэг яам, агентлагийн төлөөллүүд оролцлоо.

Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий АСЕАН-ы гишүүн Тайланд Улстай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү механизмийг санаачлан, Улаанбаатар хотноо анхдугаар хурлыг хотноо зохион байгуулж байна.

Хоёр талын харилцаанд техникийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн чиглэл зонхилж ирсэн бөгөөд цаашид Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны Зөвлөлийн механизмаар дамжуулан харилцан ашигтай худалдаа, хөрөнгө орууралт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллахыг талууд харилцан онцолсон. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай уялдаа холбоогоо өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэн орох, АСЕАН-ы зах зээлд нэвтрэн ороход Тайланд Улстай ойр дөт ажиллах, хоёр орны харилцааг зохицуулахад шаардлагатай эрхзүйн баримт бичгүүдийг байгуулах талаар санал солилцсон. Түүнчлэн,  30 гаруй сая жуулчин жилдээ хүлээн авдаг Тайландын туршлагаас суралцах, энэ чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлэх, мөн уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд гүүр тавих ажлыг санаачилж хэрэгжүүлэх зэрэг ажлыг тохиров.