МОНГОЛ, БРАЗИЛИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн 5 дугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав. Уулзалт хэлэлцээг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Бразилийн ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Энрик Сардиниа нар тэргүүлэв.

Уулзалтаар Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг  өргөжүүлэх боломж, ойрын зорилт, төлөвийн талаар ярилцав. Тухайлбал, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг бразилийн тал илэрхийлэв.

Боловсрол, спортын салбарт байгуулагдсан хамтран ажиллах тухай санамж бичгийн хүрээнд Латин Америкаар мэргэшсэн дипломат бэлтгэх, Бразилийн их, дээд сургуульд магистр, докторын зэргээр Монголоос оюутан сургах, спортын салбарт хөлбөмбөг, жүдо зэрэг төрлөөр харилцан дасгалжуулагч солилцох, олон улсын чанартай тэмцээнд тамирчдаа харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. 2015 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсон бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ-ыг зорих Бразилийн жуулчдын тоо нэмэгдэж байгааг харгалзан тэднийг Монголд аялуулах, энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хоёр орны төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд хамтарсан бизнес уулзалт зохион байгуулах боломж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Мөн хоёр тал НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Монгол, Бразилийн хооронд 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Бразил нь хүн амын тоогоор дэлхийд 6 дугаарт, газар нутгийн хэмжээгээр 5 дугаарт, эдийн засгийн хэмжээгээр 8 дугаарт ордог, “G-20” болон БРИКС-т чухал байр суурь эзэлдэг, Латин Америкийн бүс нутагтаа улс төр, эдийн засгийн тэргүүлэгч орон билээ. Тус улстай хөдөө аж ахуй, уул уурхай, этанол био-түлш үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгаа юм.

Энэ өдөр ХБНБУ-ын тусгаар тогтнолын 196 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас тус улсын төрийн тэргүүн Мишел Темерт илгээсэн баярын мэндчилгээг гардуулав.