ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын ГХЯ, ГЕГ болон МХЕГ, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Гадаад худалдааг хөнгөвчлөх: хил дээрх хяналт,  шалгалтыг сайжруулах асуудал” сэдэвт олон улсын бага хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Бага хурлыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ гадаад худалдааны бараа эргэлтэд хяналт тавих гааль, хилийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай болгох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэх, экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин бага хуралд оролцогчдод хандсан илгээсэн илгээлтийг Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг уншиж танилцуулсны зэрэгцээ ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Олон улсын санхүүгийн корпорацийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Халифа нар үг хэлэв.

Бага хуралд Дэлхийн гаалийн байгууллага, ИБУИНВУ-ын Бүтээгдэхүүний аюулгүй байдал, стандартын агентлаг, БНХАУ-ын Гаалийн аудитад суурилсан хяналт, эрсдэлийн удирдлагын газрын төлөөлөл оролцож, “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, олон улсын туршлага”, “Эрсдэлд суурилсан хилийн мэргэжлийн хяналт”, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, гаалийн мэдээлэл технологийн систем” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийв.

Бага хурлын хүрээнд ГЕГ болон МХЕГ-ын ажилтнуудад зориулсан салбар худалдаан болж,  “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангахад эдгээр байгууллагын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, холбогдох зөвлөмж гаргав.