МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ  10 дугаар сарын 8-9-ний өдөр Улаанбаатар хотод болж байна.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны анхны механизмуудын нэг болох тус хэлэлцээгээр ирэх 3 жилд Холбооны Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцэж байна. ХБНГУ нь хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрдэс баялгийн менежментийг сайжруулах гэсэн чиглэлийг тэргүүлэх хэмээн тодорхойлж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн уламжлалтай.

Хэлэлцээг монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, германы талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппель нар ахалж, холбогдох албаны хүмүүс оролцож байна.