ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “LEAD MONGOLIA” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ЗАЛУУСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  2018 оны 10 дугаар сарын 26-нд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжиж буй LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөллийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдлын талаар мэдээлж, хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв.

Тэрээр Монголын залуучууд энэхүү хөтөлбөрт хүсэл сонирхлоороо идэвхтэй хамрагдаж байгааг сайшаан тэмдэглэж, дэлхий дахины өнөөгийн байдлыг гүнзгий танин мэдэх, мэдлэг хуримтлуулахад  англи хэл сурахын ач холбогдлыг чухалчлан зөвлөв. LEAD хөтөлбөрийн залуучууд Гадаад харилцааны сайд тэднийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, асуулт асууж санал солилцов. Эдгээр залуус удахгүй АНУ-д танилцах аяллаар явах юм.