ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КУВЕЙТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД МОХАММАД ФАЙСАЛ АЛЬ-МУТАЙРИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Кувейт Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч бололцоогоо дайчлан ажиллахаа мэдэгдэв.

Дэд сайд Б.Батцэцэг ноён Мохаммад Файсал Аль-Мутайриг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамнаас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр 2017 онд зохион байгуулагдсан хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх олон чухал арга хэмжээг ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд эдгээрт мөн Элчин сайд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.