ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР МЮНХЕНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРЛЫН ҮНДСЭН БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтад оролцож байна.

ХБНГУ-ын Мюнхен хотод 1963 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус бага хурал нь олон улсын аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг гол механизмуудын нэг юм. Тус бага хурлын хүрээнд 2009 оноос жил бүр тодорхой бүс нутгийг хамарсан асуудлаар Үндсэн бүлгийн уулзалтыг зохион байгуулдаг болсон.

Энэ удаагийн уулзалтад гадаад улсын 100 гаруй төлөөлөгчид оролцож, Өрнө Дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна.

Уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Үндэстэн дамнасан аюулгүй байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болон “Өрнө Дорнын харилцаа” сэдэвт хэлэлцүүлэгт тус тус оролцож, байр сууриа илэрхийлэв.

Үндсэн бүлгийн уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дарга, Элчин сайд В.Ишингэртэй уулзаж, бага хурлын ач холбогдлын талаар ярилцахын зэрэгцээ цаашид хамтран ажиллах асуудлуудын талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсын Сенатор, Гадаад бодлого, олон улсын худалдааны асуудал хариуцсан Байнгын хорооны тэргүүн, хатагтай Р.Андрэйчуктай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.