МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ШИНЭ ДЕЛИ ХОТНОО БОЛЛОО

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын гуравдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Шинэ Дели хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, энэтхэгийн талаас тус улсын Гадаад хэргийн яамны Дорнын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга хатагтай В.Т.Сингх нар ахалж оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Энэтхэг Улс манай улсын оюун санааны хөрш бөгөөд Стратегийн түнш улс болохыг онцлоод гуравдагч хөрш Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов. Энэтхэг тал  Монгол Улс нь мөн  тус улсын Стратегийн түнш, бүс нутгийн чухал хамтрагч гэдгийг онцолж хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхээр тохиров.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дели хотноо ажиллах үеэрээ мөн БНЭУ-ын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх П.Саран, Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн Ерөнхий захирал Р.Г.Дас нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Талууд дээд, өндөр түвшинд хэрэгжсэн айлчлал, яриа хэлэлцээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг улам бүр эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын болон соёлын солилцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Монгол Улсад БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж буй “Инженерс Индиа Лимитэд” компанийн захирал Р.К.Сабхарвал Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд төслийн явц, ойрын хугацаанд хийх ажлын талаар танилцуулав. Төлөөлөгчид мөн өдөр БНЭУ-ын Харьяана мужийн Панипат хот дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.