УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу энэ сарын 13-ны өдөр ГХЯ-д хоорондын улс төрийн газрын зөвлөлдөх уулзалт болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны ХөОГ-ын дэд захирал Г.Бумцэнд, хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус удирдан явуулав.

Талууд энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, өндөр, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, ирэх онд хэрэгжүүлэх хоёр талын харилцан айлчлал, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, хамтарсан төлөвлөгөө гаргахаар тохиролцов.