САЙД Д.ЦОГТБААТАР КУВЕЙТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МОХАММАД ФАЙСАЛ АЛЬ-МУТАЙРИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри-г Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Аль-Халид Аль-Ахмад Аль-Сабахын мэндчилгээг уламжлаад найрсаг, дотно харилцаатай Монгол Улсад улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын төлөө байгаагаа илэрхийлж,  2019 онд хоёр орны ЗГХК-ийн II хуралдааныг зохион байгуулах санал тавив.

Сайд Д.Цогтбаатар туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд түүнийг хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, дэд бүтэц, зам тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Мөн “Бүс ба зам” санаачлагын хүрээнд хамтран ажиллах боломжтойг онцлов. Улмаар Кувейтэд газрын тосны салбарт мэргэжилтэн бэлтгэх, энхтайвныг хөхиүлэн дэмжих чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлж, судалгаа хийж байгаа залуу дипломатуудыг дэмжихэд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, өөрийн санаачилсан “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал”-ын зорилгын талаар танилцуулав.