МОНГОЛ-УНГАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 6 дугаар хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 20-21-нд Унгар Улсын Будапешт хотод амжилттай зохион байгуулагдав. Хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чаба Балог нар удирдав.

Тус хуралдааны үеэр талууд хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, усны менежмент, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож цаашид авч хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэхийн зэрэгцээ хамтран хэрэгжүүлэх боломж бүхий хэд хэдэн шинэ салбарын талаар дэлгэрэнгүй судалгаа хийхээр тогтов.

Комиссын хуралдааны үеэр Авто тээврээр олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшны түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэх юм.