ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ С.РАЖАРАТНАМЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН СУДЛАЛЫН СУРГУУЛЬД ИЛТГЭЛ ТАВИВ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын сайд асан С.Ражаратнамын нэрэмжит Олон улсын судлалын сургууль (RSIS) нь Наньян Технологийн Их Сургуулийн (NTU) бодлогод чиглэсэн бие даасан их сургууль юм. 1996 оны 7 дугаар сард Батлан ​​хамгаалах, стратегийн судалгааны хүрээлэн нэрээр анх байгуулагдсан бөгөөд тус сургууль нь олон улсын харилцааны чиглэлээр оюутан залуусыг бэлтгэн суралцуулдаг ба Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн судалгаа, дипломат харилцаа, олон улсын харилцаа, олон улсын улс төр, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг аж. RSIS сургуулийн үндсэн зорилго нь олон улсын стратегийн мэргэжлээр мэргэшсэн оюутнуудыг гадаад ба дотоодын аюулгүй байдлын яам, хувийн корпорацууд, банкууд, хөрөнгө оруулалтын компаниуд, олон улсын байгууллагууд, сэтгүүлзүйд бэлтгэх юм.Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан бахархалт энэ өдөр тусгай урилгаар тус сургуульд “Монголын гадаад бодлого ба Зүүн Азийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив.

Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон төслүүд, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин ба эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын гадаад бодлого, Монгол Улсын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд болон АСЕМ11 ба Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар илтгэлдээ дурдав. Илтгэлийн гол зорилго нь дотоодын болон гадаадын оюутнуудыг бодит улс төр болон дипломат харилцааны асуудлаар Элчин сайдаас туршлага авахад чиглэгдсэн юм. Уг илтгэлийг сонсохоор танхимд хуран цугласан олон улсын оюутан залуус тус илтгэлийг таатайгаар хүлээж авахын зэрэгцээ Монгол улсын талаар ихээхэн сонирхон олон тооны асуулт тавив.